/ / АМРАХ ЭРХГҮЙ, ХОЙМОР НУТГИЙН ХАМГААЛАГЧ

АМРАХ ЭРХГҮЙ, ХОЙМОР НУТГИЙН ХАМГААЛАГЧ

Амрах эрхгүй, хоймор нутгийн хамгаалагч

Эх сурвалж: “Үндэсний шуудан” сонин

Эх орны онгон дагшин байгаль, ховор, нэн ховордсон ан амьтан, ургамлыг хамгаалах, тэдгээрийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх зорилготойгоор Экологийн цагдаагийн алба өнгөрсөн нэгдүгээр сард байгуулагдсан. Энэ алба 170 хүний орон тоотой. Тэгвэл эдгээр алба хаагчдын нэг Монгол Улсын хоймор нутаг Хөвсөл аймаг дахь Цагдаагийн газрын Хатгал тосгоны Сум дундын цагдаагийн тасгийн экологийн асуудал хариуцсан байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Ганболдын ажлын өдрийг сурвалжиллаа. 

Баасан гараг 17:00 цаг: Энэ бол олонх төрийн байгууллагын албан хаагчдын ажлаасаа тардаг үе. Хатгал тосгонд очсон өдөр баасан гараг байж таарсан. Гэсэн ч цагдаагийн байгууллагын алба хаагч нарт амралтын өдөр гэж үгүй, дуудсан цагт хэзээд бэлэн тул амралтын өдөр нь ч ажлынх мэт завгүй өнгөрдөг аж. “Хатгал тосгоны сум дундын цагдаагийн тасаг” хэмээн цагаан дээр улаанаар бичсэн самбарын харалдаа орших бор дүнзэн байшинд суудаг хүмүүсийн хувьд ажил ид үргэлжилж байлаа. Үүдээр нь ороход тасгийн дарга, алба хаагч нар өндийх завгүй сууж байв.

Хатгал тосгоны сум дундын цагдаагийн тасгийг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын суурь гэж хэлж болохоор аж. Учир нь, өдгөөгөөс 86 жилийн тэртээ буюу 1934 онд Хатгал хотод (одоогийн Хатгал тосгон) Архангай аймгийн дотоодыг хамгаалах ангийн харьяанд хил гаалийг байцаан өнгөрүүлэх алба нэртэйгээр нэг офицер, гурван цагдаагийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдаж байжээ. Харин 2008 оноос тасгийн зохион байгуулалтад орсон аж. Өдгөө тус цагдаагийн тасаг таван албан хаагчтай, Ханх, Чандмань-Өндөр, Түнэл, Алаг-Эрдэнэ, Арбулаг, Баянзүрх гэсэн далайн бүсийн зургаан сумаа хариуцан үйл ажиллагаа явуулдаг.

Тус цагдаагийн тасагт урьд нь экологийн асуудал хариуцсан байцаагч байгаагүй. Харин Экологийн цагдаагийн алба байгуулагдаж, байцаагчтай болсноор хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийг гардан шалгах, мэргэшсэн албан хаагчтай болжээ. Хатгал тосгонд Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа үйл ажиллагаа явуулдаг. Олон байгаль хамгаалагчидтай боловч хэргийг мөрдөх, хариуцлага тооцох эрх зүйн чадамжгүй. Харин экологийн байцаагчтай болсноор тэдэнтэй хамтран ажиллаж, хэрэгтэнг илрүүлэх, хариуцлага тооцох боломж бүрджээ. 

Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгон аялал жуулчлалын тулгуур бүс нутаг, 3200 гаруй хүн амтай. Орон байрны хулгайн, архидан согтуурснаас хүний эрүүл мэнд, эрх чөлөөнд халдах гэмт хэрэг зонхилон үйлдэгдэх талтай. Энэ дундаа байгаль орчны чиглэлээр загастай холбоотой зөрчил, хууль бусаар мод бэлтгэх, хориотой амьтан агнах зэрэг гэмт хэрэг хамгийн их гардаг байна. Харин экологийн асуудал хариуцсан байцаагчтай болсон дөрвөн сар гаруйн хугацаанд энэ төрлийн зургаан гэмт хэргийг илрүүлэн, шалгаж, мөрдөн байцаах шатанд шилжүүлжээ. 

Хатгал тосгон дахь Сум дундын цагдаагийн тасгийн дарга нь хошууч М.Энхболд. Тэрбээр 2018 оноос хойш энэ албыг хашиж буй. Харин Б.Ганболд гадуур ажилтай, эзгүй байсан тул түүний талаар даргаас нь асуухад “Манай экологийн асуудал хариуцсан байцаагч Сьерра-Леоне, Өмнөд Судан Улсад энхийг сахиулах үйл ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн, манай цагдаагийн байгууллагын урдаа барьдаг алба хаагч. Аливаа хариуцаж авсан ажлынхаа ард заавал гарч байж санаа нь амардаг, зүтгэлтэй, сэтгэлтэй. Мөн ар гэрээ орхигдуулдаггүй гээд аль аль талаараа манлайлагч залуу. Ахлагч бүрэлдэхүүнээс офицер болоод гурван сар гаруйн хугацаа өнгөрсөн. Хамт олноо хошуучилдаг залуу” хэмээн магтав. Мөн түүнээс хөдөө орон нутагт ажиллахад, тэр дундаа цагдаагийн байгууллагын нэг нэгжийг удирдахад ямар хүндрэл ,бэрхшээл тулгардгийг лавлахад “Хүндрэл, бэрхшээлийг тоочоод байвал мундахгүй. Цагдаа бол хүссэн аавын хүү болгоны хаагаад байдаггүй тэнгэрлэг алба. Бэрхшээл болгоныг сөрж, даван туулдаг, жинхэнэ эрчүүд энд ажилладаг” хэмээн ярих нь түүний ажилдаа ямар дуртайг, хийж буй зүйлээрээ хэрхэн бахархдагийг илтгэнэ. 

19:00 цаг: Ийн ярьж суутал экологийн байцаагч Б.Ганболд гаднаас инээд алдсаар орж ирлээ. Улаан хацартай, өндөр, биерхүү залуу аж. Экологийн цагдаагийн албанаас  зохион байгуулж байгаа “Ногоон дуу хоолой” аяны хүрээнд Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалтын захиргааны байгаль хамгаалагч нарт хууль, эрх зүйн зөвлөгөө өгөөд ирсэн нь энэ гэнэ. Хөвсгөл аймагт экологийн асуудал хариуцсан есөн алба хаагч ажиллаж байгаа бөгөөд энэ нь бусад аймагтай харьцуулахад өндөр үзүүлэлт аж. 

Нийтлэлийн маань гол баатар Б.Ганболд Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат. Ах нь цэргийн сургууль төгсөж, цэнхэр дуулгатнуудын эгнээнд шилжсэнээр тэрбээр цэргийн хүн болох хүсэл мөрөөдлөөр анх жигүүрлэжээ. Ийн ахлах сургуулиа төгсөөд, Батлан хамгаалах их сургуулийн ахлагчийн сургуульд нэг жил сурч, цахилгаан холбооны мэргэжилтнээр төгсөж, Зэвсэгт хүчний жанжин штабаас 084 дүгээр ангид томилогдон, шүхэрчин холбоочин болсон байна. 2011 онд 20 настай хүү Афганистан Улсад энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцсон нь хамгийн залуу үүрэг гүйцэтгэгчдийн нэг байв. Ингэхдээ Кабул хотод нисэх онгоцны зурвасын хамгаалалтад Монгол Улсын цэргүүд Бельги Улсын цэргүүдтэй хамтарч, долоон сар ажиллажээ.

Үүргээ гүйцэтгэж ирээд, ажлынхаа хажуугаар эчнээгээр сурч, төгсөөд, 2013 онд Өмнөд Судан Улсад явагдсан “UNMISS” ажиллагааны 850 хүнтэй II ээлжийн батальонд холбооны мэргэжлээрээ үүрэг гүйцэтгэсэн гэнэ. Дараа нь Тахарын алба байгуулагдахад шалгалт өгч, тэнцээд 2016 онд татан буугдахад нь дэд ахлагч цолтойгоор цагдаагийн албанд орж, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, шүүх хуралдааны дэг сахиулдаг цагдаагаар ажиллажээ. Үүний дараа нутаг усандаа ажиллахаар зорьж, Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ суманд хэсгийн, хэв журмын цагдаагаар ажиллаж байгаад 14 хоногийн хугацаатай Цэцэрлэг суманд томилолтоор очоод эхнэртэйгээ танилцсан байна. Цэцэрлэг сумын спортын аварга шалгаруулах тэмцээнд том алаг нүдтэй, нүдээрээ инээсэн бүсгүйг олж хараад, 14 хоногийн томилолтоо бүр мөсөн ажиллахаар солиулсан нь түүнийг заяаныхаа ханьтай амьдралаа холбоход чухал түлхэц шийдвэр болжээ.

Харин Хатгал тосгоны Сум дундын цагдаагийн тасагт өнгөрсөн оны зургадугаар сард томилогдсон. Ингэхдээ төрөөд сар болоогүй эхнэрээ, хүүгээ хадам аав, ээждээ орхиод, цагдаагийн тангарагатны үүргээ биелүүлсэн байна. Харин Экологийн цагдаагийн алба байгуулагдахад сургалтад хамрагдаж, нэгдүгээр сарын 20-ноос экологийн асуудал хариуцсан байцаагч болсон түүхтэй. 

21:00 цаг: Тэрбээр гэртээ орж, эхнэрийнхээ хоолыг идчихээд хууль бус ан агнууртай холбоотой гарсан гэмт хэргийн танилцуулга бэлтгэж, аймгийн Цагдаагийн газар руу явуулахаар суув.

Б.Оюунжаргал: Миний нөхөр байгалийн үзэгдлээр бол шатаах шахам төөнөж буй нар

Энэ хооронд Б.Ганболдын эхнэр Б.Оюунжаргалтай нөхөртэйгээ танилцсан түүх болон цагдаа нөхөртэй байхын жаргал, зовлонгийн талаар ярилцсан юм. Тэд ханилаад жил гаруй болж байгаа бөгөөд хэн хэн нь хувь тавилангаараа учирсан гэдгээ тодотгосон. Б.Оюунжаргал Цагаан-Уул сумынх, Дархан-Уул аймгийн Хөдөө, аж ахуйн их сургуулийг цаг уурын инженер мэргэжлээр төгсөж, Цэцэрлэг суманд техникчээр ажилд ороод удаагүй байхдаа нөхөртэйгээ танилцжээ. Б.Ганболд Хатгал тосгонд томилолт авч явснаас хойш есдүгээр сард ирэн иртлээ нөхрийнхөө царайг хараагүй гэсэн. Харин нөхөр нь Цагдаагийн тасгийнхаа албан хаагчид амьдардаг өрөөг даргатайгаа хамтран тохижуулж, эхнэр, хүүгээ авчээ. Тус байрыг тохижуулахад Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын даргаар өнгөрсөн арваннэгдүгээр сард томилогдсон Д.Дашням ихээхэн анхаарал хандуулж, хөрөнгө мөнгийг нь шийдэж өгсөн байна. 

Б.Оюунжаргал анх нөхрөө хэдэн хоногоор ч хамаагүй, хаашаа яваагаа ч хэлэлгүй ажил үүргээ гүйцэтгэхэд нь дургүйцдэг байсан бол одоо нэг үеэ бодвол ойлгодог болжээ. Хүнд, хэцүү нөхцөлд ажиллаад ирэхэд нь халуун хоолтой, халуун дулаан уур амьсгалтай угтая хэмээн боддог болсон гэнэ. Тэрбээр ханийнхаа тухай, хорвоог хосоороо туулахын утга учирын тухайд “Аавын бие өвдөөд яах учраа олохгүй байхдаа би нөхрийнхөө нөмөр нөөлгийг хамгийн ихээр мэдэрсэн. Хажууд нөмөр нөөлөгтэй эр хүн байна гэдэг үнэхээр түшигтэй. Өөрт нь хэцүү байсан ч надад мэдэгдэхгүй, бүхнийг хийдэг” гэсэн. Мөн “Цагдаа хүний ар гэр бол гадаа гарч эр, гэрт орж эм болох хариуцлагыг үүрч чаддаг байх ёстой. Олон хоногоор ажлаар явж байхад нь “Би усгүй, түлээгүй байна” гээд байж болохгүй л дээ” хэмээсэн.  “Би одоо ч гэсэн би цагдаагийн эхнэр байхад суралцаж явна” хэмээн ярих даруухан бүсгүйтэй ярилцсанаа хүргэе. 

-Цагдаа хүний эхнэр болохоосоо өмнө цагдаа нарын талаар ямар ойлголттой байсан бэ?

-Анх бол болж бүтэхгүй зүйл дээр очдог, баатарлаг хүмүүс мэтээр төсөөлдөг байлаа. Харин танилцаад л бүтэн нойртой хонодоггүйг нь мэдээд, энэ ажлын хэцүүг нь ойлгосон. Ганц дуудлага дээр очоод зогсохгүй бичиг цаас, судалгаа, урьдчилан сэргийлэх ажлуудыг хийнэ.

-Шөнө орой олон дуудлага ирдэг байх. Хамгийн хэцүү дуудлага хэзээ байв?
-Нэг удаа шөнө дунд утас нь дуугараад авах гэсээр байтал тасарчихлаа. Гэтэл удалгүй аймгийн цагдаагийн 102 дугаарын утаснаас дуудлага ирсэн. Манай хүн яараад л, хувцсаа өмсөх зуураа дуудлага өгсөн хүүхэдтэй ярилаа. Ганцаараа хонож байхад нь гэр дээр нь хүн гараад, дуудлага өгсөн юм билээ. Нөгөө хүүхэдтэй ярьж байтал, гэнэт утас нь холбогдохоо байчихсан. Би ч айгаад, ирэн иртэл нь унтаж чадалгүй, хүлээсэн. Гэхдээ нөхрийгөө бэртэж гэмтэх вий гэхээсээ илүү нөгөө хүүхэд нь яасан бол гэж санаа зовж байлаа. Гэтэл нөгөө хүүхдийн утасны цэнэг дууссан байв. Азаар, согтуу хүн айл андуурсан юм билээ. Үүнээс хойш  хэцүү олон дуудлага ирсэн л дээ. Энэ анхных болоод ч тэр үү, хамгийн хүнд дуудлага шиг санагддаг. 

-“Миний нөхөр цагдаа” гэдэг энэ үг танд ямар мэдрэмж төрүүлдэг вэ?

-Бахархмаар, ёстой бахархмаар шүү. Цагдаа бүх зүйлийг хийдэг. Аваар осол гарлаа гэхэд анхан шатны тусламж үзүүлж, эмчийн үүрэг гүйцэтгэнэ. Айсан хүүхдэд аав, ээж нь болно. Нөхрөөсөө ажил, үүргийг нь хамаагүй асууж болохгүй. Надад хэлэх, хэлэхгүй зүйл гэж бас байна. Царайгаар нь л уншина. Баргар царайтай байвал хүнд хэрэг дээр очиж дээ гэж бодно. Хүн сурдаг юм байна. Одоо бол дуудлагаар явахад нь сүү өргөх, ирэхэд нь арцаар ариулдаг болсон. Анх бол юу ч мэддэггүй байлаа. Экологийн асуудал хариуцсан байцаагч болоод ажил нь бүр нэмэгдсэн. Нөхрийгөө тайван унтахыг харах гэж бушуухан орой болоосой гэж бодно. Даанч бүтэн нойртой хонох нь ховор. Сүүлдээ утасных нь дуудлагын ая зэвүү хүрмээр сонсогддог болдог юм билээ. 

-Нөхрийг тань хүмүүс юу гэж ярьдаг вэ?

-Хөдөлмөрч, амьжиргаатай, дайчин гэж магтдаг. 

-Харин та нөхрөө дүгнэвэл?

-Миний хувьд манай хүн хугарашгүй, бат бөх ноён нуруу. Байгалийн үзэгдлээр бол шатаах шахам төөнөж буй нар. Тийм их эрч хүч ундруулсан хүн. Миний хажууд хэзээ ч урвайж байгаагүй. Би анх ажлыг нь ойлгохгүй уурлана. Ажлын дарамт, миний дарамт гээд хэцүү л байсан байх. Тэгэхэд нэг ч удаа “Ойлгосонгүй” гэж байгаагүй. Нэг хаалга хаагдахад, нөгөөх нь нээгдэнэ гэдэг. Бас маш их хөгжилтэй. 

-Таны нөхөр цаашид хаана ч ажиллаж магадгүй. Тэр бүхэнд дагаад явах уу?
-Тэгэлгүй яах вэ. Энэ хүн надгүйгээр өдөрт юу идэж, ууж байгааг мэдэхгүй шүү дээ. Би ямар ч ажил, мэргэжилтэй байсан энэ хүнтэй насаараа хамт амьдарна гэж шийдсэн юм чинь ямар ч нөхцөлд хамт байна. Би юу хийж чадахаар байна, түүгээрээ тусална. Хүмүүс цагдааг төмрөөр хийсэн биетэй хүн мэтээр төсөөлдөг. Үнэндээ бидэнтэй ялгаагүй хүн шүү дээ. Энэ хүмүүсийн харагдах байдал, сүр хүч нь хувцсандаа л байдаг байх. Тэр хувцасны цаана тэр хүний амьдрал, бүхий л зүйл байна. Даанч тэр бүхнээ хувцсаараа нууж, өөрсдийгөө чимдэг. 

-Цагдаа хүний эхнэр байхын жаргал юу вэ?

-Ажил нь амжилттай байгааг нь л харах  аз жаргал гэв. 

22:00 цаг: Б.Ганболд постуудынхаа үүрэг гүйцэтгэлийг даргатайгаа хамт шалгасан. Харин хэв журмын цагдаа, жолооч цагдаагийн хамт тосгоны төвийн хэсэгт 22:00-00:00 цаг хүртэл эргүүлийн үүрэг гүйцэтгэж, замын хөдөлгөөний аюулгүй байдалд хяналт тавилаа. Маргааш амралтын өдөр учраас Хатгал тосгон Мөрөн сумаас ирэх хүмүүсийн хөлд дарагддаг. Тиймээс хөл хөдөлгөөн ихсэх, хүмүүс архи, согтууруулах ундаа хэрэглэх магадлал өндөр гэнэ.  Хөвсгөл аймгийн Засаг даргын захирамжаар аймгийн хэмжээнд архи, согтууруулах ундааны зүйлсээр үйлчилдэг газрууд 20:00 цагаас хойш энэ төрлийн бүтээгдэхүүн зарах ёсгүй. Захирамжийн хэрэгжилтийг шалгаж, эргүүл хийсэн юм. Тус тосгонд архи, согтууруулах ундааны зүйл худалдан, борлуулах эрхтэй 21 дэлгүүр үйл ажиллагаа явуулдаг аж. 22:00 цагт дэлгүүрүүд хаалгаа барив. Эргүүл хийх хугацаанд ямар нэгэн гэмт хэрэг, зөрчил гараагүй, баасан гараг гэхэд харьцангуй хөл хөдөлгөөн багатай шөнө өнгөрлөө. 

Бямба гараг 08:00 цаг: Б.Ганболдын өглөө галаа түлэхээс эхэлдэг. Ингээд ажлын байрандаа орж, тухайн өдөр юу хийхээ төлөвлөдөг. Гэхдээ гэмт хэрэг, дуудлага төлөвлөгөөний дагуу гардаггүй, гэнэт болдог, нөхцөл байдал яаж ч өөрчлөгдөж магадгүй учраас тэр бүр төлөвлөсний дагуу ажлаа хийж чаддаггүй. Харин гэмт хэрэг, дуудлага бага үед бодож, санаснаа санаа амар амжуулна. Мөн амралтын өдрийг амарч өнгөрөөх нь өдрийн од шиг ховор. 

10:00 цаг: Мөсөн замын хяналтын постыг шалгалаа. Постод хоёр жолооч, нэг гал сөнөөгч гурван ээлжээр, 24 цаг гарч, 48 цаг амарч хяналт, шалгалт хийдэг аж. Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах 69 дугаар ангийн галын автомашины жолооч, дэд ахлагч Б.Батбилэг “Үүрэг гүйцэтгэх хугацаанд зөрчил гараагүй. Машинтай хүмүүс нуураас ус аваад буцсан” гэх мэдээлэл өглөө. Иргэд нуур цөмрөх эрсдэлтэйг мэдсээр байж, үүгээр явах гэж гуйх нь цөөнгүй гэнэ. Энэ хүмүүс хэдхэн км газар тойрч явахаас залхуурч, амиараа дэнчин тавьдаг. 

11:00 цаг: Бямба гараг тул ажил харьцангуй бага байлаа. Гэсэн ч Б.Ганболд амралтын өдөр гээд зүгээр суусангүй.  Гэмт хэрэг, зөрчилтэй холбогдсон иргэнтэй уулзаж, зарим зүйлийг асууж, тодруулж, мөрдөн шалгаж ажиллагаа явууллаа. 

12:00 цаг: Хууль бусаар мод бэлтгэсэн хэргийн газарт очиж, үзлэг хийсэн юм. Б.Ганболд экологийн асуудал хариуцсан байцаагч, дэслэгч Б.Олзвойгийн хамт Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр, Эрдэнэбулган, Түнэл, Цагаан-Үүр сумдад хяналт шалгалтаар явж байхдаа энэ хэргийг илрүүлжээ. Тодруулбал, Чандмань-Өндөр сумын III багийн нутаг дэвсгэрт мод бэлтгэсэн ул мөр олдсон байна. Үүний дагуу мөрдлөг хийж, хойшлуулашгүй ажиллагаа явуулж, хэргийг илрүүлсэн аж. Хэрэгтэн нь Чандмань-Өндөр сумын III багийн  иргэн М гэнэ. Хэргийн газарт үзлэг хийж, модонд хэмжилт хийсэн юм. Иргэн М нь тус газартай ойрхон өвөлждөг бөгөөд 20 метр гаруй урттай дөрвөн ширхэг нойтон модыг унагаж, хувийн хэрэгцээндээ бэлтгэжээ. 

Б.Ганболд: Төрсөн нутгийнхаа аюулгүй байдлыг манаж байгаа маань миний бахархал

“Хүн хаана ч ажилласан сэтгэл, зүтгэлтэй ажиллах хэрэгтэй” хэмээн ярих Хатгал тосгоны Сум дундын цагдаагийн тасгийн экологийн асуудал хариуцсан байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Ганболдтой ярилцлаа. 

-Шүүхрээр буух хэцүү юү?

-Эхлээд айдастай. Ур чадвараа ахиулаад ирэхээр спортын хобби болдог. Агаар дээр машин барихтай зүйрлэж болно. Анх 800 метрийн өндрөөс үсрэхэд онгоцноосоо гарч байгаа эсэхээ мэддэггүй. Хоёр, гурав дахиасаа туршлагатай болно. Зааварлагч нар хяналт тавьж, хэн хурдан шүхрээ эвхэж байна зэргийг хянаж, түүнээс хамаарч буулт нэмэгдэнэ. Эмч, сувилагч нар 05:30 цагаас шүхэрчдийн даралтыг үздэг. Мөн өндөрт гардаг учраас уураг хэрэгтэй тул өндөг иднэ. Тэгээд л  шүхрийнхээ талбай руу очно. Эмчийн үзлэгээр орж байж, шүхрээр бууна. 

-Хамгийн сүүлд хэзээ шүхрээр буусан бэ?

-2013 онд байх аа даа. 

-Энхийг сахиулах хоёр ч үйл ажиллагаанд оролцсон юм билээ. Үүрэг гүйцэтгэж байхад хүнд, хэцүү нөхцөл байдалтай хэр нүүр тулсан бэ?

-Олон улсын ажиллагаа гэдэг олон улсын тавцанд монгол цэргүүдийн ур чадвар, мэдлэг ухаан, техник хэрэгсэлтэй хэрхэн харилцаж байгааг шалгадаг. Тиймээс хүндрэл бэрхшээл Тавантолгойн бэлтгэлд 45 хоног гарахаас эхлээд мундахгүй. Монголдоо бэлтгэл, сургуулилалт маш сайн хийж, шалгарсан хүмүүс уг ажиллагаанд явдаг. Анх 20-той залуу энхийг сахиулахаар явж байлаа. Афганистан Улсад талибан бүлэглэл олон, 45 улсын цэргийн баг ажилладаг. Ойролцоо халдлагууд байнга гардаг, бэлэн байдалтай ажилладаг байсан. Өмнөд Судан Улсад үүрэг гүйцэтгэхэд цагийн байдал харьцангуй гайгүй байсан юм. 

-Залуучууд ихэнхдээ хотод ажиллах сонирхолтой байдаг. Хөдөө байгаа нэгнийгээ зэвэрлээ гэх нь бий. Харин өөрөө энэ талаар ямар бодолтой байдаг вэ?

-Хүн хаана ч ажилласан хариуцсан ажил, үүргээ чадварлагаар гүйцэтгэх хэрэгтэй. Мэргэжил бүхэн сайхан гэдэг шиг томилогдож ажиллаж байгаа газар бүртээ сэтгэл, зүтгэлтэй ажиллавал болохгүй зүйл гэж үгүй. Залуус хөдөө ажиллах дургүй байдаг. Жинхэнэ эко, эрүүл хүнс, цэвэр агаартай газар чинь хөдөө шүү дээ. Хүн байгаа газраа сэтгэл гаргаж ажиллах хэрэгтэй гэж боддог. Би хотод таван жил ажиллачихаад, хотод ажиллах байсан юм гэж боддоггүй.

Энэ миний төрсөн нутаг. Тиймээс ч төрсөн нутгийнхаа газар шороо, уул ус, ургамал, амьтан, хүн ардын аюулгүй байдлын манаанд ажиллаж байгаа маань миний бахархал. Сумаас сумын хооронд ажиллахдаа газар бүртээ дурсагдах зүйл хийж, дараагийн хүндээ сэтгэл ханамжтай ажлаа хүлээлгэж өгөхийг хүсдэг. Хүн ажлаа хийж, хүсэл тэмүүлэлтэй байхад болно. Дарга бид хоёр амрах өрөөгөө л гэхэд хоёр хоногийн дотор л янзалсан. Хотод, хөдөө ажиллах тийм ч их ялгаагүй. Би хоёр удаа ажиллагаанд явсан. Гаднын орны нөхцөл байдал, Монголынх тэнгэр, газар шиг өөр. Ажиллагаанд яваад монгол хүн болж төрсөндөө бахархах сэтгэл хүн бүрт төрдөг. Монгол маань хамгийн амгалан тайван, эко улс. Хөвсгөлдөө ажиллахын зэрэгцээ англи хэлээ сайжруулах боломж байна.

Би өмнө нь англи хэл бие дааж  сурч байсан. Харин одоо зав гарахгүй, сурч амжихгүй юм. Миний мөрөөдөл бол НҮБ-ын цагдаа гэдэг албан тушаал дээр үүрэг гүйцэтгэх. Англи хэл, ур чадвараа сайжруулчих юм бол асуудалгүй гэж боддог. Афганистанд байхдаа өдөрт 50 үг цээжилдэг байсан. Анх холбоочин хийж байгаад, өндөр биетэй, нуруулаг тул онгоцны буудлын хүлээн авахын шалган нэвтрүүлэх дээр гарсан. Тэгээд зайлшгүй хэлтэй байхгүй бол хүнээ шалгаж чадахгүй. Тиймээс өөрийгөө дайчилж, үг цээжилж байсан. 



СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2017-05-19
Эрэн сурвалжилж байна