/ Бидний тухай / Хөгжлийн хөтөлбөр / Үйлчилгээний гавьяат ажилтан, цагдаагийн сургагч ахлагч П.Хатанбаатар: Би шударга, хичээнгүй, ёс зүйтэй ажиллана гэсэн зарчмыг баримталдаг

Үйлчилгээний гавьяат ажилтан, цагдаагийн сургагч ахлагч П.Хатанбаатар: Би шударга, хичээнгүй, ёс зүйтэй ажиллана гэсэн зарчмыг баримталдаг

Үйлчилгээний гавьяат ажилтан, цагдаагийн сургагч ахлагч П.Хатанбаатар: Би шударга, хичээнгүй, ёс зүйтэй ажиллана гэсэн зарчмыг баримталдаг

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн 2021 оны 13 дугаар зарлигаар “Үйлчилгээний гавьяат ажилтан” цолоор шагнагдсан Хөвсгөл аймаг дахь цагдаагийн газрын Шинэ-Идэр сум дахь хэсгийн цагдаа, цагдаагийн сургагч ахлагч П.Хатанбаатартай ярилцлаа.

Тэрээр Хөвсгөл аймаг дахь цагдаагийн газрын найман удаагийн “Тэргүүний алба хаагч”, Цагдаагийн ерөнхий газрын “Хүндэт жуух”, “Цагдаагийн гавьяа” тэмдгээр шагнуулж байсан цагдаагийн байгууллагын шилдэг алба хаагчдын нэг юм.

-Юуны өмнө танд “Үйлчилгээний гавьяат ажилтан” гэх эрхэм хүндэт цолоор шагнагдсанд баяр хүргэе. Монгол Улсынхаа түүхэнд нэрээ үлдээж, Ерөнхийлөгчөөсөө шагнал авч байх үеийн сэтгэгдлээс бидэнтэй хуваалцаач?

Маш их баярлалаа. Өөрийн хүсэл мөрөөдлөө өвөртөлж, цагдаагийн байгууллагад хоёргүй сэтгэлээр, тасралтгүй 19 жил хөдөлмөрлөсний минь үр шим гарч байна. Анх Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд томилогдохдоо ийм том гавьяа, шагнал хүртэнэ гэж бодож байгаагүй хүн чинь Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас надруу залгаад та “Үйлчилгээний гавьяат ажилтан” цолоор шагнагдлаа гэсэн. Би тэгэхээр нь намайг Хатанбаатар гэдэг шүү дээ Хөвсгөл аймаг дахь цагдаагийн газрын хэсгийн цагдаа, цагдаагийн сургагч ахлагч гэхэд, тиймээ та. Та “Үйлчилгээний гавьяат ажилтан” цолоор шагнагдлаа гэсэн. Үнэмшиж өгөхгүй, тулгамдаж байсан. Тэр мэдрэмж одоо ч хэвээрээ л байна. /инээв/

Эрхэм хүндэт “Үйлчилгээний гавьяат ажилтан” цол шагнал маань надад энэ хэмжээний хариуцлага хүлээлгэж байна гэж ойлгож, ухамсарлан, улам их хичээнгүйлэн ажиллана даа гэж бодож сууна. 

-Шагналаа аваад хамгийн түрүүнд мэдээж гэр бүлийнхэнтэйгээ баярт мөчөө хуваалцсан байх?

Тэгэлгүй яах вээ. Ерөнхийлөгчөөс шагналаа аваад хамгийн түрүүнд шууд л аавруугаа залгаад хэлсэн, аав маань 81 настай буурай бий. Тэгээд эхнэр, хүүхдүүддээ хэлсэн дээ. Манайх Хөвсгөл аймгийн уугуул иргэд. Ам бүл тавуулаа. Миний энэ амжилтын цаана амьдрал ахуйг минь маш сайн хариуцаж, арыг минь дааж, зөвлөж, тусалж, дэмжиж байдаг ханиараа үргэлж бахархдаг. Мөн хийсэн бүтээсэн зүйлийг минь ойлгон, дэмжиж, урамшуулсан удирдлага, хамт олон, хамтран ажилладаг байгууллага, нутгийн зон олондоо талархал илэрхийлж байна. Би энэ шагналыг гардан авсан болохоос миний энэ шагнал бол манай хамт олны шагнал юм шүү гэж хэлмээр байна.

-Анх цагдаа болж байсан өдрөө дурсан яривал?

Анх 2002 онд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд хэсгийн цагдаагаар томилогдон ажлын гараагаа эхлүүлж байлаа. Тухайн үед цагдаагийн байгууллагад цөөхөн хүн, өндөр шалгуураар авдаг байсан. “Цагдаа” гэх эрхэм хүндтэй, босго өндөр байгууллагын алба хаагч болсондоо баярлаж байсан минь саяхан мэт боловч аль хэдийн 19 жилийг өнгөрчээ. Би анх томилогдсон цагаасаа хойш тасралтгүй Хөвсгөл аймгийнхаа 6 суманд хэсгийн цагдаагаар ажиллаж байна.  

-Хөвсгөл аймаг бусад аймгаас онцлог шүү дээ. Тасралтгүй 19 жил суманд хэсгийн цагдаагаар ажиллаж байна гэлээ. Суманд ажиллахын онцлог нь юу вэ?

Манай аймаг бусад аймгаас хүн ам ихтэй бөгөөд 6 ястантай /халх, дархад, хотгойд, урианхай, буриад, цаатан/, аялал жуулчлалын бүс нутагт хамаардаг. Уул, ус, ой, хөвч, тайга болсон нутгийг маань Монголын Швейцар” гэх нь олонтаа. Амьтан ургамал, ашигт малтмалаар баялаг, байгалийн дурсгалт газар арвинтай, онгон дагшин байгалийн өлгий нутаг шүү дээ. Нутгийн ард, иргэд маань их тусархуу, эелдэг зөөлөн, шударга хүмүүс бий. Цагдаагийн байгууллагатай нягт уялдаа, холбоотой ажилладагт маш их баярлаж явдаг даа.

Сумын хэсгийн цагдаа гэдэг өөрөө их онцлог. Суманд цагдаагийн 2 алба хаагч ажилладаг бөгөөд тухайн орон нутгийн иргэдийн амар тайван амьдралын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж байгаадаа сэтгэл хангалуун байдаг. Хариуцсан нутаг дэвсгэртээ хэсгийн төлөөлөгчтэйгээ гар нийлэн хамтран ажиллаж, иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж, нийтийн хэв журам сахиулдаг. Иргэдтэй өдөр тутам нүүр тулж уулзаж, ярилцаж байдаг болохоор сум орон нутагт цагдаагийн ажил үйлчилгээг хүргэхэд илүү үр дүнтэй байдаг юм. Энэ нь суманд ажиллахын онцлог болов уу.

-Та цагдаагийн газрынхаа ахлагч нараа ахалдаг. Сургагч ахлагч байна гэдэг асар их хариуцлага байхаа?

Тийм шүү хариуцлага өндөртэй албан тушаал. Цагдаагийн байгууллагад ажиллаж байгаа алба хаагч нарын 60 гаруй хувь нь ахлагч бүрэлдэхүүн байдаг. Тэдний ажлын идэвх санаачилгыг өрнүүлэх, манлайллыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад ахлагчийн зөвлөл байгуулагдсан. Тус цагдаагийн газрын ахлагчийн зөвлөлийн ахлахаар миний бие 2017 онд томилогдож сургагч ахлагч болсон. Ахлагч бүрэлдэхүүний санал хүсэлтийг нь сонсох, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлүүлэх, чиглэл өгөх, ажлын явц байдлыг хянах, шинээр томилогдсон алба хаагчийг дадлагажуулах зэрэг ажлыг тогтмол гүйцэтгэнэ. Алба хаагч нартаа заах сургах, захих сануулах зүйлс ч бий. Мөн баярлахад нь хамт баярлаж, зовоход нь зовлонг нь хамт үүрэлцдэг. Алба хаагч нараа зөв чиглүүлчих юмсан, бүх алба хаагчаа зөрчил дутагдалгүй албан үүргийг нь гүйцэтгүүлэх юмсан гэсэн чин хүсэлтэй байдаг даа.

-Таны ажилдаа баримталдаг гол зарчим?

Би цагдаагийн байгууллагадаа шударга, хичээнгүй, ёс зүйтэй ажиллана гэсэн зарчмыг баримталдаг бөгөөд шударга хичээнгүй, хоёргүй сэтгэлээр тууштай ажиллахыг эрхэмлэдэг олон олон алба хаагчийн төлөөлөл юм.

-Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажиллаж байгаа болон цаашид ажиллах хүсэлтэй сонирхолтой залуустаа хандаж та юу гэж хэлэх вэ?

Хувь хүнээс л бүх зүйл хамаардаг юм шүү, ажил алба ч бай, амьдрал ахуй ч бай. Цэрэг, цагдаагийн алба бол бахархалтай, нэр хүндтэй сайхан алба. Тантай харьцаж байгаа иргэн согтуу байна уу, эрүүл байна уу, хөгшин байна уу, залуу байна уу хамаагүй төрийн хуулийг дээдлэн баримталж, цагдаагийн алба хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдэлж, аливаа асуудалд нягт нямбай, үнэнч шударга, төлөв төвшин, мэргэжлийн ур чадвар, мэдлэг боловсролоо байнга дээшлүүлж үйл ажиллагаандаа нийцүүлэн идэвх санаачилга, үр бүтээлтэй тууштай, шударга, хоёргүй сэтгэлээр ажиллах хэрэгтэй гэж хэлмээр байна даа.

-Баярлалаа, таны цаашдын ажилд улам их амжилт хүсье.

Баярлалаа.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2023-01-01
Эрэн сурвалжилж байна